БНСУ:Эхнэрээ өмөөрсөн Монгол залуу найзыгаа хутгалж 16 жилийн ял авчээ
ad

БНСУ-д амьдардаг Монгол залуус нэгнийхээ аминд хүрч 16 жилийн ял авлаа гэсэн мэдээлэл цацагдсан. Тэгвэл яг юу болсон талаарх мэдээллийг тодруулан хүргэж байна.

16 жилийн хорих ял авсан залуу А нь 28 настай. Эхнэрийг нь хүчирхийлэхийг завдсан гэх өөрийн танил 34 настай залуу Б-г хутгалж аминд нь хүрсний улмаас Сувон хотын дүүргийн шүүхээс энэ сарын 10-нд түүнд 16 жилийн хорих ял оноожээ.


28 настай залуугийн эхнэрийг гэртээ унтаж байх үед нь Б мэдэгдэлгүйгээр орж ирж хүчирхийлэхийг завджээ. Үүнийг сонссон А хутга ашиглан Б-гийн аминд хүрсэн байна.


Энэ тухай А мэдүүлэг өгөхдөө "Бид маргалдах үед Б өөрийгөө хамгаалах гэж хутга ашиглаж байгаад амиа алдсан" гэж ярьжээ. Гэвч шүүхээс А нь Б-г санаатайгаар хөнөөх зорилгоор урьдчилан хутга бэлдсэнийг нотлох баримтаар тогтоожээ.


Шүүхээс "Гэмт хэрэгтэн нь хийсэн үйлдэлдээ харамсаж байна гэж мэдүүлсэн. Гэсэн атлаа аминд нь хүрсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй хоёр талтай зүйл ярьж байна. Мөн амиа алдсан хохирогчийн гэр бүл, эхнэр, хоёр хүүгээс нь уучлалт гуйгаагүй. Тиймээс 16 жилийн хатуу ял оноохоор шийдвэрлэлээ" хэмээн мэдэгдэлдээ дурьдсан байна.


Амиа алдсан 34 настай залуу өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Кёнги аймгийн Сувон гудамжинд зэвсэг /хутга/ ашигласан гэх хэрэгт холбогдож байсан аж. 


Эх сурвалж:Yonhap агентлаг 

Мэдээллийг бэлтгэсэн:IVOICE.mn сайтын БНСУ дахь тусгай сурвалжлагч Б.Должинжав

Сэтгэгдэл бичих

Бусад мэдээ