Японы Яманаши мужийн Кофү хотод тавдугаар сарын 23-нд зохион байгуулагдсан үнэт эдлэлийн үзэсгэлэнгийн үеэр хулгай хийсэн Монголын дөрвөн иргэнийг Токиогийн Цагдаагийн газар баривчилжээ. Тодруулбал, нэг эрэгтэй, гурван эмэгтэй Монгол иргэн бүлэглэн үзэсгэлэнгээс 14 сая иений өртөг бүхий 59 хос ээмгийг хулгайлжээ. Японы хэвлэлийн мэдээлснээр гол сэжигтэн 41 настай А.Наранбаатар нь тухайн үзэсгэлэнд үнэт эдлэл зарж байгаа хүний дүрд хувиран оролцжээ. Тэрээр Токиогийн үнэт эдлэлийн дэлгүүрийн нэрийн хуудас үзүүлж үзэсгэлэнд оролцсон байна. Харин түүний хамсаатан 45 настай О.Янжмаа нь үзэсгэлэнд бүртгүүлэхээс эхлээд нэвтрэх үед нь А.Наранбаатарт тусалжээ. Ийн тэд үнэт эдлэл худалдаж авах гэж байгаа мэт дүр эсгэн 59 хос ээмэг хулгайлжээ.

Тухайлбал, камерт бичигдсэнээр А.Наранбаатар нь дээрх ээмэгнүүдийг хулгайлж халааслахдаа 22 минутыг зарцуулсан байна. Тэрээр буруугаа хүлээн зөвшөөрсөн ч бусад хамтрагч гэгдэх гурван эмэгтэй нь гэм буруугаа хүлээгээгүй байгаа аж. Ийн тэд үнэт эдлэлүүдийг зарсан эсэх өмнө нь холбогдож байсан хэргүүдийг илрүүлэхээр Японы Цагдаагийн газар ажиллаж байгаа аж.
